Товч
Мэдээлэл байхгүй
Дэлгэрэнгүй
Фармакодинамик:
Иопромид (791,12 молекул жинтэй) нь ионжоогүй, бага осмостой, 3 иоджсон, рентген тодруулагч бодис (изофталийн хүчлийн уламжлал). Түүний найрлага дахь иод нь рентген туяаг шингээж дүрсийг сайн тодруулна. Иопромид нь фармакологийн идэвх маш султай бөгөөд цусны плазмын уурагтай бага зэрэг холбогдоно. Зүрх судасны систем болон бөөрөнд бараг нөлөөлөхгүй.
Фармакокинетик:
Иопромидыг судсанд тарьж хэрэглэсний дараа эс завсрын зайнд маш хурдан тархана. Түүний хагас ялгарлын хугацаа хэрэглэсэн тунгаас хамааралгүйгээр тархалтын үед 3 минут, элиминацийн үед 2 цаг байна. Бэлдмэлийн оношлогооны зорилгоор хэрэглэсэн тун зөвхөн бөөрний түүдгэнцрийн фильтрациар бие махбодиос гадагшилна. Хэрэглэсэн тунгийн ойролцоогоор 18% нь 30минут, 60% нь 3 цаг, 92% нь хоногийн турш тус тус шээстэй ялгарна. Иопромидыг хүнд эмчилгээний тунгаар хэрэглэсний дараа ямар нэгэн түүний метаболит илрээгүй байна.
Орц
Идэвхтэй бүрэлдэхүүн: Ультравист 240: 1мл усан уусмалд 0,499г (240мг йодтой тэнцүү) иопромид агуулагдана. Ультравист 300: 1мл усан уусмалд 0,623мг (300 мг йодтой тэнцүү) иопромид агуулагдана. Ультравист 370: 1мл усан уусмалд 0,769мг(370 мг йодтой тэнцүү) иопромид агуулагдана.
Идэвхгүй бүрэлдэхүүн: Натри ба кальцийн эдетат, трометамол, давсны хүчил, тарианы ус
Санамж
Бэлдмэлийг хийсний дараа өвчтөн хэдий чинээ хөдөлнө төдий чинээ тодруулагч бодис шинжлэх гэж буй тухайн хэсэгтээ очилгүй цусны урсгалаар тарна. Иймээс энэ тохиолдолд дүрсний нягтрал ердийхөөс хурдан хугацаанд арилна. Шинжилгээний дараа тодруулагч бодис бүсэлхийн хэсэгт очдог учраас өвчтөнийг 6 цагаас багагүй хугацаагаар суугаа болон толгойг орноос 15° өндийлгөсөн байрлалд байлгана. Үүний дараа янз бүрийн гаж нөлөө гарахаас сэргийлж өвчтөнийг ойролцоогоор 18 цаг амраана. Учир нь энэ үед гаж нөлөө гарах эрсдэл их байдаг. Хэрэв таталдаа илрэх сэжиг илэрвэл өвчтөнийг хэдэн цаг анхааралтай хянана.
Цээрлэлт:
Илэрхий тиреотоксикозын үед хэрэглэхгүй. Гистеросальпингографийн шинжилгээг бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн үрэвсэлт өвчин болон жирэмсэн үед, сөргүү (ретроградный) холангиопанкреотографийн дурангийн шинжилгээг нойр булчирхайн цочимог үрэвслийн үед тус тус хийж болохгүй.
Ерөнхий зүйл Ионжоогүй тодруулагч бодисыг ионжсон бэлдмэлтэй харьцуулвал физиологийн үйл ажиллагаанд бага нөлөөлөх ба in vitro орчинд цус шингэлэх бага зэргийн үйлдэл үзүүлнэ. үүнтэй холбоотойгоор тромбэмболигоос урьдчилан сэргийлэх зорилгоор ангиографийн техникийг гүйцэтгэхдээ катетерийг физиологийн уусмалаар (боломжтой бол гепарин нэмж) үргэлж угаах ба шинжилгээ хийх хугацааг хамгийн дээд хугацаагаар багасгах шаардлагатай. Рентген тодруулагч бодист хэт мэдрэг өвчтөн, хүнд явцтай бөөр ба элэгний дутагдал, зүрх судасны дутагдал, уушгины эмфизем, биеийн ерөнхий байдал хүнд байх, тархины судсууд их хэмжээгээр хатуурах, чихрийн шижин, пирамидын системын дутагдал, далд явцтай гипертиреоз, хөнгөн болон дунд зэргийн явцтай зангилаат бахлуур, тархмал хэлбэрийн миеломийн өвчтэй хүмүүст бэлдмэлийг хэрэглэхдээ зайлшгүй онцгой анхаарал тавих шаардлагатай.
Бэлдмэлд хэт мэдрэг өвчтөнд харшлын урвал илрэх эрсдэлтэй тул үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор гистамины эсрэг эм, стероид дааврын бэлдмэлүүдийг хэрэглэнэ. Гэхдээ харшлын урвалаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж буй эмүүдийг тодруулагч бодистойгоо хамт хольж хийж болохгүй. beta-адреноблокатор хэрэглэж буй өвчтөнүүдэд харшлын урвал хүчтэй илэрч болно. Тархмал хэлбэрийн миеломын өвчин, чихрийн шижин, шээсний гарц ихсэх болон багасах, тулай, хөхүүл ба сургуулийн өмнөх насны хүүхэд, биеийн ерөнхий байдал нь хүнд байгаа өвчтөн зэрэгт уух шингэний хэмжээг хязгаарлахгүй бөгөөд бага осмолжилттой тодруулагч бодис хэрэглэхийн өмнө хүртэл хязгаарлахгүй. Гипертонийн криз үүсэх эрсдэл бүхий феохромцитомтой өвчтөнд alpha-адреноблокатор хэрэглэнэ. Бөөрөөр ялгардаг йод агуулсан рентген тодруулагч бодисыг хэрэглэх үед бамбай булчирхайн эд түүнйи эмгэгийг оношлох зорилгоор хэрэглэх радиоизотопыг шингээх чадвар 2 долоо хоног хүртэл зарим тохиолдолд илүү удаан хугацаагаар ч буурдаг.
Миелографи: Субарахноидаль зайг шинжлэх шинжилгээнд эпилепси харьцангуй цээрлэлт болно. Ийм эрсдэл үүсэх эсэхийг анхааралтай дүгнэсний дараа таталдааны эсрэг бэлдмэлийг бэлтгэнэ. Шинжилгээ эхлэхээс 48 цагийн өмнө солиорлын эсрэг болон сэтгэл уналыг эмчлэх эмийн эмчилгээг зогсооно. Мөн таталдаа үүсэх эрсдлийг багасгахын тулд согтууруулах ундаа болон наркозын үйлдэлтэй өвдөлт намдаах эм хэрэглэхээс зайлшгүй татгалзана.
Гаж нөлөө: Судсанд тарих үед: Йод агуулсан тодруулагч бодисыг судсанд тарьж хэрэглэх үед илрэх гаж нөлөө нь хөнгөн явцтай амархан арилах шинжтэй байна. Ионжоогүй бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө ионжсон бэлдмэлийг бодвол ховор тохиолдоно.
Дараах гаж нөлөө илэрнэ.
1. Дотор муухайрах, бөөлжих, эритем, өвдөх, халуун оргих зэрэг шинж гол төлөв илэрнэ. Дээрх халуун оргих, дотор муухайрах зэрэг субьектив зовиурууд нь тарих хурдаа багасгах буюу богино хугацаагаар тарилгыг зогсооход аяндаа арилна.
2. Чичрэх, халуурах, хөлрөх, толгой өвдөх ба эргэх, цайх, сулрах, хоолой сэрвэгнэх, агаар дутагдах, амьсгаадах, артерийн даралт ихсэх ба багасах, загатнах, чонон хөрвөс болон бусад арьсны шинжүүд илрэх, хавагнах, хэсэг газар татвалзах, салганах, найтайлгах, нулимс гоожих зэрэг шинж ажиглагдаж болно.
3. Шокын эхэн үеийн шинж тэмдэг бэлдмэлийн хэмжээ болон хийж буй аргаас хамаарахгүйгээр илэрч болох бөгөөд энэ үед тарилгыг яаралтай зогсоож хэрэв шаардлагатай бол тусгай эмчилгээг судсаар тарина. Иймээс тодруулагч бодисыг судсанд тарьж хэрэглэхэд байнгын уян катетер хэрэглэнэ. Яаралтай тохиолдолд шокын эсрэг арга хэмжээг түргэн авахын тулд шинжлэгч эмчийн гар дор шаардлагатай эм тариа багаж хэрэгсэл байнга байх хэрэгтэй.
4. Хэт мэдрэг өвчтөнүүдэд харшлын урвал илүү илэрдэг нь туршилтаар нотлогджээ.
5. Яаралтай эмчилгээ шаардагдах хүнд явцтай харшлын урвал ховор тохиолдох бөгөөд энэ нь цусны эргэлтийн өөрчлөлтөөр илэрч болно. Энэ үед захын судсууд өргөсч артерийн даралт буурах, рефлексийн замаар зүрхний цохилт олшрох, амьсгал өөрчлөгдөх, цочромтгой болох, ухаан санаа өөрчлөгдөх, хөхрөх зэрэг шинж илрэх ба эцэстээ ухаан алдаж болно.
6. Судасны гадуур тодруулагч бодисыг хийх үед эдийн хүнд явцтай урвал ховор ажиглагдана.
Тархины ангиографи: Тархины ангиографи болон бусад шинжилгээний үед зарим тодруулагч бодис артерийн цуснаас тархинд орох ба зарим тохиолдолд энэ үед комтой адил мэдрэлийн хүндрэл, түр зуур ухаан алдах, нойрмоглох, түр зуур саажих, хараа муудах, нүүрний булчингийн тонус сулрах, мөн ялангуяа эпилепси болон тархины голомтот гэмтэлтэй өвчтөнүүдэд эпилепсийн уналт илрэх зэрэг шинж тэмдгүүд дагалдан илэрнэ. Маш ховор тохиолдолд уналт нь тодруулагч бодисыг венийн судсанд тарихтай шууд холбоотой байдаг. Мөн зарим үед түр зуурын бөөрний дутагдал ажиглагдаж болно. Субархноидаль зайг шинжлэх үед: ультравист 240-г дээр дурьдсан тунгаар хэрэглэхэд ноцтой гаж нөлөө ховор илэрнэ.
1. Ихэвчлэн толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг субьектив шинжүүд илэрнэ. Хэдийгээр дээрх шинжүүд нь нугасны ус авсны дараа субарахноидаль хөндийн нугасны шингэний даралт унасны улмаас гардаг гол шинжүүд боловч энэ үед авсан нугасны усны хэмжээ нь хийсэн тодруулагч бодисны хэмжээнээс хэтэрдэггүй байна. Тэгээд ч нугасны шингэн нь дараа нь нөхөгддөг. Нөгөө талаас авсан нугасны уснаас их хэмжээгээр тодруулагч бодисыг хийгээд ч субарахноидаль хөндийн даралт ихэсдэггүй байна.
2. Хэдэн өдрөөр үргэлжлэх толгойн өвдөлт илрэх бөгөөд хэрэв толгойн өвдөлт маш хүчтэй тэсвэрлэшгүй байвал 0,2г фенобарбитал булчинд тарина.
3. Тодруулагч бодис суурийн цистерний түвшинд хүрэх үед эпилепси төст урвал илрэхээс сэргийлж феонбарбитал 0,2г-р булчинд тарина. Таталдаа илэрвэл 10мг диазепам судсанд аажим тарих ба хэрэв урьдчилан сэргийлэх зорилгоор таталдааны өмнө фенобарбитал хийгээгүй бол таталдаа намдсанаас 20-30 минутын дараа дахин татахаас сэргийлж 0,2г фенобарбитал булчинд тарина. Гиперрефлексийн ба булчингийн фибрилляцийн эхний шинж илэрвэл хүндрэхээс сэргийлж диазепам судсанд тарина. Учир нь үйлдэл нь маш түргэн илэрнэ.
4. Хөнгөн гаж нөлөөний тоонд нойрмоглох, өвдөх шинж орох бөгөөд шилэн хүзүү, нуруу, мөчдөөр өвдөнө.
5. Зарим тохиолдолд түр зуурын ухаан санаа өөрчлөгдөх, хий юм үзэгдэх, тархины цахилгаан бичлэг өвөрмөц бусаар өөрчлөгдөх зэрэг шинж илэрнэ.
6. Тарилгаас хойш 2-6 цагийн дараа хааяа бага зэрэг булчингийн тонус ихсэх ба саа саажилт ажиглагдана.
7. Миелографийн шинжилгээний үед усанд уусдаг ионжоогүй тодруулагч бодис хэрэглэсний дараа маш ховор тохиолдолд халуурах шинж тэмдэг бүхий халдварын бус менингит, дагзны булчин хөших, толгой өвдөх, нугасны шингэний эсжилт ихсэх зэрэг ажиглагдах бөгөөд ихэнх тохиолдолд дээрх шинж тэмдгүүд долоо хоногийн дотор арилна. Ультравист 240 бэлдмэлийг дээр заасан тохиромжтой тунгаар хэрэглэхэд хүнд явцтай гаж нөлөө ховор тохиолдоно. Тодруулагч бодисын тарилгатай холбоотой үүссэн хүндрэлийг эмчлэх зарчим: Тодруулагч бодис хэрэглэсэнтэй холбоотойгоор илрэх хүндрэлийн үед авах бүх арга хэмжээг сайн хангах нь маш чухал асуудал юм. Энэ үед шаардагдах яаралтай эмчилгээнд хэрэглэгдэх эмийн бэлдмэл багаж тоног төхөөрөмжийг бэлэн болгосон байх шаардлагатай.
Дараах арга хэмжээ авна:
1. Усанд уусдаг стериод бүтэцтэй дааврын бэлдмэлийг өндөр тунгаар венийн судсанд тарина. Жишээ нь 6-альфа-метилпреднизолон гемисукцинатыг дараах тунгаар хэрэглэнэ. Бүх тохиолдолд 500мг-р ( 4 хүртэл насны хүүхдэд 250мг-р) 2-3 минутын турш түргэн хийнэ. Өвчтөний амь насанд аюул тулгарсан үед тунг ихэсгэж дараагийн 3-5 минутанд 30мг/кг тунгаар (жишээ нь ойролцоогоор 70кг жинтэй хүнд 2000мг) хэрэглэнэ. Дахин судсанд эм хийхийг хөнгөвчлөх зорилгоор катетерийг судсанд үлдээнэ. Зарим эмч нар глюкокортикоидтой хамт буюу өмнө нь шингэн нөхөж хийдэг.
2. Шаардлагатай үед хүчилтөрөгч эмчилгээ хийнэ. Дараагийн авах арга хэмжээ нь өвчтөний ерөнхий биеийн байдал илэрч буй шинж тэмдгээс хамаарна. Хэрэглэгдэх өвөрмөц эмийн тунг хүүхэд болон насанд хүрэгсдэд тохируулж хэрэглэнэ.
Судасны дутагдал ба шок: Өвчтөнийг яаралтай Трендленбургийн байрлалд (толгой хөлнөөс доор түвшинд) шилжүүлнэ. Захын судсыг нарийсгах эм хийх бөгөөд цус орлогч шингэнийг яаралтай нөхөж өгнө. 500мл шингэнд (жишээ нь натрийн хлоридын изотоник уусмал) 5мг норадреналин хийж илрэх гаж нөлөөнөөс хамаарч тунг тохируулах ба минутанд 10-20 дусахаар хурдтай хийнэ. Артерийн даралт болон судасны цохилтыг хянана.
Зүрх зогсох: Цээжний хананд өвчүүний дунд гуравны нэгийн түвшинд түргэн хүчтэй дарна. Хэрэв үр дүнгүй байвал яаралтай зүрхний массаж, зохиомол амьсгал хийнэ. ( амаас аманд, хүчилтөрөгч эмчилгээ, боломжтой бол цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих) 0,5мг орципреналин зүрхэнд тарина. Зүрхний сул агшилт илэрсний дараа 0,5-1,0 кальцийн глюконат (10%-ийн 5-10мл уусмал) судсанд тарина. Зүрхний глюкозид хэрэглэж байгаа өвчтөнүүдэд кальцийн бэлдмэлийг болгоомжтой хийнэ.
Ховдлын фибрилляци: Яаралтай зүрхний массаж, зохиомол амьсгал хийнэ. Зүрхний дефибриллятор хэрэглэх ба шаардлагатай үед дахина. Хэрэв дээрх арга үр дүнгүй дефибриллятор байхгүй бол 0,5г новокаинамид зүрхэнд тарина. Метаболик хүчилшлээс сэргийлж 5-10минут тутамд судсанд натрийн бикарбонат, жишээ нь 8,4%-ийн 50мл уусмал (1мэкв/мл) тарина. Учир нь зүрх зогсох болон ховдлын фибрилляцийн үед байнга хүчилшил үүсдэг. Иймээс цусны рН-ыг хянах шаардлагатай.
Уушгины хаван: Манометрийн манжетийн улмаас флебостаз үүсэх ба насанд хүрэгсдэд флеботоми хийж болно. Судсанд түргэн үйлдэлтэй шээс хөөх эм хийх ба насанд хүрэгсдэд 40%-ын 100мл глюкозыг осмотик диуретик болгон хэрэглэнэ. Хэрэв өвчтөн зүрхний гликозид хэрэглээгүй байвал насанд хүрэгсдэд 0,125-0,25мг строфантин судсанд (митраль стенозтой өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ) хийнэ. Шокоос бусад тохиолдолд хүчилтөрөгч эмчилгээ явуулна.
Тархины шинж тэмдэг: Тайван бус байгаа тохиолдолд сэтгэл засах эм (жишээ нь диазепам) булчинд болон судсанд аажим тарина. Хөөрлийн байдалтай байгаа хүнд тохиолдолд солиорлын эсрэг эмийг боломжтой бол 50мг прометазинтай хамт булчинд тарина. Тархины органик таталдааны үед 0,2-0,4мг фенобарбитал булчинд тарина. Хүнд хэлбэрийн таталдааны үед богино хугацаагаар үйлчилдэг өвдөлт намдаах эм хэрэглэнэ.
Харшлын шинж: Хүнд явцтай чонон хөрвөсийн үед гистамины эсрэг эм, боломжтой бол кальцийн бэлдмэлтэй хавсрах ба стероид бүтэцтэй дааврын бэлдмэл нэмж хэрэглэж болно. Зүрхний глюкозид хэрэглэж байгаа өвчтөнд кальцийн бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Амьсгал боогдох буюу давчдах шинж илэрсэн тохиолдолд теофиллин судсанд маш удаан тарина. Шаардлагатай үед орципреналин 0,5мг судсанд маш удаан тарина. Төвөнх хавагнасан үед гистамины эсрэг эм (50мг прометазин) судсанд аажим тарина. Амьсгалын дээд зам бөглөрсөн тохиолдолд трахеотоми хийх шаардлагатай.
Эмийн болон бусад харилцан үйлчлэл: Солиорлын эсрэг эм ба сэтгэл уналын эсрэг эмүүдтэй хамт хэрэглэхэд таталдаа үүсэх эрсдэл багасах ба харин гаж нөлөө нь ихсэж болно. Бигуанидын бүлгийн эм хэрэглэж байгаа шижингийн нефропатитай өвчтөнд тодруулагч бодис хэрэглэвэл лактоацидоз үүсэж болно. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд рентген тодруулагч бодис хийхээс 48 цагийн өмнө бигуанидын эмчилгээг зогсооно. beta-адреноблокатор хэрэглэж буй өвчтөнүүдэд харшлын урвал үүсэх эрсдэл ихсэнэ. Интерлеикин хэрэглэж буй өвчтөнүүдэд бэлдмэлийг хэрэглэхэд халуурах, томуу төст шинж, тууралт, загатнах, үеээр өвдөх зэрэг шинж илэрнэ.
Автомашин болон техниктэй ажиллах чадварт нөлөөлөх нь: Ультравистыг судсанд тарьж хэрэглэсний дараа ховор тохиолдолд ерөнхий урвалууд удааширна. Иймээс аюул осол гаргахаас урьдчилан сэргийлэхийн тулд тодруулагч бодисыг судсанд тарьж хэрэглэснээс хойш 24 цаг авто машин болон бусад аюултай механизмтай ажиллахаас зайлсхийнэ.