Товч
Мэдээлэл байхгүй
Дэлгэрэнгүй
Оксалиплатиныг бүдүүн ба шулуун гэдэсний үсэрхийлсэн хавдар болон бүдүүн гэдэсний хавдрыг мэс заслаар авсны дараах нэмэлт эмчилгээнд мөн хэрэглэнэ.
Бэлдмэлийг 5-фторурацил ба фолины хүчил зэрэг хавдрын эсрэг бусад бэдмэлүүдтэй хамт хэрэглэнэ.
Орц
Үйлчлэгч бодис: Оксалиплатин
Бусад туслах бодис: лактозын моногидрат
Бэлтгэсэн 1мл концентрат бүхий уусмалд 5мг оксалиплатин агуулагдана.
50мг флаконд: 1 флаконд 50мг оксалиплатин агуулсан 10мл уусмал агуулагдана.
100мг флаконд: 100мг оксалиплатин агуулсан 20мл уусмал агуулагдана.
Санамж
Хэрэв та эрэгтэй бол уг эм хэрэглэх зааврын жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээтэй холбоотой хэсгийг анхааралтай уншаарай.
Дараах тохиолдолд Оксалиплатиныг онцгой болгоомжтой хэрэглэнэ.
- Карбоплатин, цисплатин зэрэг платин агуулсан эмийн бэлдмэлд харшилтай хүмүүс
- Дунд зэргийн явцтай бөөрний өвчин
- Элэгний эмгэг
- Жирэмсэн ба жирэмслэхээр төлөвлөж байгаа үе. Ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэхээсээ өмнө энэ талаар эмчтэйгээ ярилцах нь хамгийн чухал
- Цусны цагаан эсийн тоо өмнөх оксалиплатины эмчилгээний дараа их хэмжээгээр багасах. Эмчлэгч эмч эмчилгээний өмнө шинжилгээ хийж цусны эсийн тоо хангалттай эсэхийг шалгана.
- Оксалиплатины өмнөх эмчилгээний дараа ядарч сульдах, чилж бадайрах, амтлах буюу мэдрэхүйн өөрчлөлт зэрэг мэдрэлийн гэмтлийн шинж илрэх ба эдгээр шинж нь ихэвчлэн хүйтэн сэрүүний улмаас үүсдэг. Дээрх шинж нь ялангуяа хүндрэх буюу 7 хоногоос удаан хугацаагаар ажиглагдвал эмчлэгч эмчдээ мэдэгдэж зөвлөгөө авна. Иймээс эмчилгээний өмнө болон эмчилгээний туршид ялангуяа мэдрэл гэмтээж болзошгүй бусад бэлдмэл хэрэглэж байгаа тохиолдолд мэдрэлийн талын үзлэгийг тогтмол хийж хянана. Эмчилгээ дууссаны дараа мэдрэлийн гэмтлийн шинж хэвээр үлдэж болзошгүй.
- 5-фторурацилтай хамт хэрэглэж байгаа үед болгоомжтой хэрэглэнэ. Учир нь суулгах, бөөлжих, ам гэмтэх, цусны өөрчлөлт үүсэх эрсдэл нэмэгддэг.
Бусад эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх
Хэрэв та жортой болон жоргүй олгодог ямар нэгэн өөр эмийн бэлдмэл хэрэглэж байгаа буюу хэрэглэж дуусаад удаагүй байгаа бол эмчлэгч эмчдээ мэдэгдэж зөвлөгөө аваарай.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэхгүй. Иймээс хэрэв та жирэмсэн бол эмчдээ мэдэгдэж зөвлөгөө авна. Мөн эмчилгээний явцад жирэмсэлвэл яаралтай эмчдээ мэдэгдэнэ.
Жирэмслэлтээс хамгаалах найдвартай аргыг эмчилгээний туршид болон эмчилгээний дараа эмэгтэйд 4 сар, эрэгтэйд 6 хэрэглэхийг зөвлөнө.
Оксалиплатин нөхөн үржих чадварт эргэлтгүйгээр сөргөөр нөлөөлж болно. Иймээс оксалиплатины эмчилгээ хийлгэсэн эрэгтэйд эмчилгээний туршид болон эмчилгээний дараа 6 сарын хугацаанд хүүхэдтэй болохгүй байхыг зөвлөнө. Түүнчлэн эмчилгээний өмнө үрийн шингэнийг авч хадгалж хамгаалахыг зөвлөнө.
Хөхүүл үед эмчилгээ эхлэхээс өмнө хөхөөр хооллолтыг зогсооно.
Ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэхээсээ өмнө эмч болон эм зүйчээс асууж зөвлөгөө авах шаардлагатай.
Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Оксалиплатины эмчилгээ нь өвчтөний тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлдөг эсэх нь тогтоогдоогүй. Хэрэв оксалиплатины тарилгын дараа нойр хүрэх ба толгой эргэх шинж илэрвэл жолоо барих болон машин механизмтай ажиллахыг хориглоно. Учир нь анхаарал төвлөрүүлэлт сонор сэрэмж буурч аюул осолд орж болзошгүй.
- Оксалиплатиныг хэрхэн хэрэглэх
Бэлдмэлийг зөвхөн насанд хүрэгсдэд хэрэглэнэ.
Оксалиплатиныг нарийн мэргэжлийн эмч хавдрын эмчилгээнд бичнэ.
Бэлдмэлийг 2-6 цагийн турш венийн судсанд тарьж хэрэглэнэ.
Оксалиплатины тунг биеийн жин ба өндрөөр гаргасан хүний биеийн гадаргуу метр квадратаар тооцно. Түүнчлэн бэлдмэлийн тун цусны шинжилгээний үзүүлэлт болон өмнөх эмчилгээний үед илэрч байсан гаж нөлөөнөөс хамаарна.
Бэлдмэлийг ихэвчлэн насанд хүрэгсэд болон настангуудад 85мг/м2 тунгаар 2 долоо хоногт 1 удаа фолины хүчилтэй зэрэг, 5-фторурацилын тарилгын өмнө нь тус тус хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтооно. Хавдрыг мэс заслаар бүрэн авсны дараа эмчилгээ дээд тал нь 6 сар үргэлжилнэ.
Бэлдмэлийг судсанд тарьж хэрэглэх ба хэрэв судасны гадуур хийвэл өвдөлт мэдрэгдэх бөгөөд энэ тохиолдолд яаралтай эмч болон сувилагчид мэдэгдэнэ.
Хэрэв Окалиплатиныг хэт их хэмжээгээр хэрэглэсэн бол:
Бэлдмэлийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг учир хэт бага болон их хэмжээгээр хэрэглэх магадлал бага байдаг. Хэрэв ямар нэгэн хэт их хэмжээгээр хэрэглэсэн асуудал гарвал эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.
Хэрэв та бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол:
Оксалиплатиныг тогтоосон хуваарийн дагуу хэрэглэх шаардлагатай. Бүх товлосон цагийг баримтлах хэрэгтэй. Хэрэв та бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол эмчдээ мэдэгдэж зөвлөгөө авна. Дараагийн тунг хэрэглэх эсэхийг эмчлэгч эмч шийднэ.
Эмчилгээг зогсоох
Оксалиплатины эмчилгээг зогсоовол түүний хавдрын өсөлтөнд нөлөөлөх үйлдэл мөн зогсоно. Эмчлэгч эмчтэйгээ ярилцаж зөвлөлгүйгээр оксалиплатины эмчилгээг зогсоож болохгүй.
Бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч болон эм зүйчээс асууж зөвлөгөө авна.
4. Илэрч болох гаж нөлөө
Оксалиплатины эмчилгээний үед бусад бэлдмэлүүдийн нэгэн адилаар гаж нөлөө илрэх боловч энэ нь хүн бүрт тохиолддоггүй. Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрч байсан бол дараагийн эмчилгээг эхлэхээс өмнө эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.
Дараах гаж нөлөө илэрвэл эмчдээ яаралтай мэдэгдээрэй.
- Ер бусын хөхрөлт, цус алдалт, түүнчлэн хоолой өвдөх ба өндөр халуурах зэрэг халдварын шинж
- Ужиг болон хүнд явцтай суулгалт, бөөлжилт
- Уруул ба ам шархалж гэмтэх
- Хуурай ханиах, амьсгал хүнд болох, дуу хоолой өөрчлөгдөх зэрэг амьсгалын замын зүгээс шинж тэмдэг илрэх
- Хүнд явцтай харшлын урвал – гар, хөл, шагай, нүүр, уруул, ам, хоолой хавагнан амьсгалах ба залгихад хүндрэлтэй болох
Байнга тохиолдох (10 хүнд 1-ээс олон)
- Мэдрэлд нөлөөлж захын мэдрэх мэдрэлийн эмгэг үүснэ. Хөл, гарын хуруу, амны эргэн тойрон, хоолой чинэрч бадайрах, зарим тохиолдолд таталдаа илрэх. Эдгээр гаж нөлөө нь хөргөгч онгойлгох, хүйтэн юм уух гэх мэт ихэвчлэн хүйтэн зүйлтэй харьцах үед үүснэ. Түүнчлэн хувцас товчлох зэрэг нарийн чимхлүүр ажил хийж гүйцэтгэхэд түвэгтэй болно. Ихэнх тохиолдолд эдгээр шинжүүд бүрэн арилахгүй ба эмчилгээ дууссаны дараа захын мэдрэх мэдрэлийн эмгэгийн шинжүүд үргэлжилж болзошгүй.
- Зарим өвчтөнд ирвэгнэж бадайрах шинж хүзүүг нугалах үед гар, их бие уруу доошоо дамждаг.
- Оксалиплатин зарим үед хоолойд эвгүй мэдрэмж төрүүлэх бөгөөд энэ нь ялангуяа юм залгих үед илрэх ба амьсгалыг богино болгоно. Энэ шинж нь тарилгыг хийх явцад буюу тарилга хийснээс хойш 1 цагийн дотор ажиглагдах ба хүйтэн зүйлтэй харьцсанаар үүсэж болно. Энэ нь хэдийгээр таагүй мэдрэмж ч гэсэн удаан хугацаагаар үргэлжлэхгүй бөгөөд ямар нэгэн эмчилгээ шаардахгүй. Эмчилгээг өөрчлөх эсэхийг эмчлэгч эмч шийднэ.
- Хоолой өвдөх, өндөр халуурах зэрэг халдварын шинж
- Цусны цагаан эсийн тоо цөөрч халдварт өртөмтгий болно.
- Тромбоцитын тоо багасаж цус алдах, хөхрөлт үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
- Цусны улаан эсийн тоо цөөрч арьс цонхигор болж ядрах, амьсгаадах зэрэг шинж илэрнэ. Эмчлэгч эмч эмчилгээний өмнө, ээлж эмчилгээ бүрийн өмнө шинжилгээ хийж цусны эсийн хангалттай байгаа эсэхийг тогтооно.
- Харшлын урвал: арьсны загатнаат улаан тууралт, гар, хөл, шагай, нүүр, уруул, ам, хоолой хавагнан амьсгалах ба залгихад хүндрэлтэй болох, муужрах
- Хоолонд дургүй болох
- Цусан дахь сахарын хэмжээ ихсэж ам цангах, ам хатах, олон шээх
- Цусан дахь калийн хэмжээ багасаж зүрхний хэмнэл алдагдах
- Цусан дахь натрийн хэмжээ багасаж ядарч сульдах, дүйнг болох, булчин татваганах, таталдаа болон ком
- Амт өөрчлөгдөх
- Толгой өвдөх
- Хамраас цус гарах
- Амьсгаадах
- Ханиалгах
- Дотор муухайрах, бөөлжих – уг эмгэгийг арилгах бэлдмэлийг эмчилгээний үед болон эмчилгээний дараа ч үргэлжлүүлэн хэрэглэж болно.
- Суулгалт: ужиг хүнд явцтай суулгалт ба бөөлжилт ажиглагдвал эмчлэгч эмчдээ яаралтай мэдэгдэж зөвлөгөө авна.
- Уруул ам гэмтэж шархлах
- Хэвлийн өвдөлт, өтгөн хатах
- Арьсны эмгэг
- Үс унах
- Нуруугаар өвдөх
- Ядарч сульдах, өвдөлт
- Тарилгын явцад тарьсан хэсэгт урвал илрэх (хэсэг газрын өвдөлт, арьс улайж хавагнах, арьс хатуурах, арьсны эд үхжих)
- Халуурах
- Цусны шинжилгээний үзүүлэлт өөрчлөгдөх (элэгний үйл ажиллагааны үзүүлэлт)
- Жин нэмэгдэх
- Салганах
Олонтаа тохиолдох (100 хүнд 1-ээс олон, 10 хүнд 1-ээс цөөн):
- Хамрын салст бүрхүүлийн үрэвсэл
- Амьсгалын дээд замын халдвар
- Усгүйжил
- Сэтгэл унал, нойргүйдэл.
- Толгой эргэх
- Мэдрэл булчин хавагнах
- Менингизм (толгой өвдөх, шил хөших, хурц гэрэлд мэдрэг болох)
- Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, хараа өөрчлөгдөх
- Хэвийн бус цус алдалт, шээс өтгөн цустай гарах
- Цусны бүлэн үүсэх. Ихэвчлэн хөлөнд үүсэж хаван, улайлт, өвдөлт үүсгэнэ.
- Уушгинд бүлэн үүсэж цээжээр өвдөх, амьсгал хүндрэх шинж илэрнэ.
- Нүүр улайх
- Зогьсох цээжээр өвдөх
- Хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах, цээж хорсох
- Арьс хуурайших, арьсны тууралт, хөлрөх, хумсны эмгэг
- Үе ба ясны өвдөлт
- Шээхэд өвдөх, олон дахин шээхэд өөрчлөгдөх
- Бөөрний үйл ажиллагааг тодорхойлох цусны шинжилгээний үзүүлэлт өөрчлөгдөх
- Жин багасах
- Гуурсан хоолойн агчил
- Цусны даралт багасах
- Хүнд явцтай харшлын урвалын (анафилаксын шок) улмаас цусны судас огцом өргөссөнөөр шок (артерийн даралт унах, цонхийж цайх, тайван бус болох, зүрхний цохилт түргэсэх, арьс нойтон болох, ухаан санаа муудах) –д орох
- Гар, хөл, шагай, нүүр, уруул, ам, хоолой хавагнан амьсгалах ба залгихад хүндрэлтэй болох
- Цусны цагаан эсийн тоо цөөрч халдварт өртөх эрсдэл нэмэгдэнэ.
Хааяа тохиолдох (100 хүнд 1-ээс цөөн, 1000 хүнд 1-ээс олон):
- Сонсголын эмгэг
- Гэдэс дүүрэх
- Цочромтгой болох
- Цусны хүчиллэг ихсэх
- Эрүү зуурах, булчингийн агчил
- Орон зайн баримжаа, тэнцвэр өөрчлөгдөх
- Хоолой ба цээж давчдах
- Нүдний дээд зовхи унжих, юм хоёр харагдах зэрэг нүдний эмгэг
- Хоолой гарахгүй болох
- Хэлний мэдрэхүй өөрчлөгдөж хэл ээдрэх
- Нүүр ба нүд өвдөх
Ховор тохиолдох (1000 хүнд 1-ээс цөөн, 10000 хүнд 1-с олон):
- Бувтнах
- Дүлийрэх
- Хуурай ханиах, амьсгал давчдах зэрэг амьсгалын системийн шинж илрэх (уушгины завсрын эдийн үрэвсэл, уушгины хатуурал)
- Бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэж хэвлийгээр өвдөх ба суулгах шинж илрэх
- Харшлын урвалын улмаас цусны тромбоцитын тоо багасаж хөхрөлт, цус алдах шинж илэрнэ.
- Цус задралын цус багадалт
- Түр зуур хараа муудах, харааны талбайн өөрчлөлт, харааны мэдрэлийн өөрчлөлт
Маш ховор тохиолдох (10000 хүнд 1-ээс цөөн):
- Элэгний эмгэг
- Бөөрний үрэвсэл, бөөрний дутагдал
Хэрэв уг эмийн зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч болон эм зүйчид мэдэгдээрэй.