Бүтээгдэхүүний мэдээлэл
Товч
- Небидо тариаг (1 ампулд 1000 мг тестостероны ундеканоат агуулагдана) эмчийн зөвлөмжөөр 10-14 долоо хоногт нэг удаа тарьдаг. Уг тариаг энэхүү давтамжтайгаар хэрэглэх нь цусанд тестостероны түвшинг хэт ихэсгэхгүйгээр тестостероны түвшинг барих түвшинд хадгалах боломжийг бүрдүүлнэ
- Тариаг маш аажим тарина. Небидог зөвхөн булчинд тарина
Дэлгэрэнгүй
- Эрэгтэй хүний анхдагч болон хоёрдогч гипогонадизмийн үеийн тестостероны дутмагшилын үед хэрэглэнэ
- Небидо нь идэвхитэй бодис андроген тестостероныг агуулдаг. Небидог булчинд тарьж хэрэглэх бөгөөд хэрэглэсний дараа идэвхитэй бодис нь удаан хугацааны туршид аажим шимэгдэнэ. Эрэгтэй хүнд тестостерон дутагдвал гипогонадизм үүсэх бөгөөд тэр үед үргүйдэх, бэлгийн сулрал үүсэх, мөн түүнчлэн төмсөгний хэмжээ багасах зэрэг шинж илэрдэг. Эрэгтэй хүний гипогонадизмийн шинжүүдэд бэлгийн дуршил буурах, ядрамтгай болох, сэтгэл гутрах, умдагны үс ургахгүй буюу дутуу ургах, мөн түүнчлэн яс сийрэгших өртөмж нэмэгдэх зэрэг шинжүүд хамаарагдана. Тестостероныг бие махбодод дутагдсан гормоны түвшинг ихэсгэх болон дутмагшлыг засах зорилгоор хэрэглэдэг. Гипогонадизмтай эрэгтэйд андрогенийг хэрэглэхэд өөхөн эдийн хэмжээ багасч биеийн өөх тосгүй хэсгийн жин ихэсч булчингийн хүч нэмэгдэхийн зэрэгцээгээр ясны эдийн эмгэгшил засардаг. Андрогенүүд нь бэлгийн ажиллагааны идэвхийг нэмэгдүүлж сэтгэцийн үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ
Орц
- 1 ампул бүрд: Идэвхитэй бодис:Тарианы уусмалын 4 мл тутамд 1000 мг тестостероны ундеканоат (250 мгмл тестостероны ундеканоат), Туслах бодис:Бензилбензоат, цэвэршүүлсэн касторын тос (тарьж хэрэглэхэд зориулсан) агуулагдана
Санамж
- Небидог андроген хамааралт түрүү булчирхайн карцином болон эрэгтэй хүний хөхний булчирхайн хавдар, хорт хавдар дагалдсан гиперкальциеми, элэгний хавдартай буюу түүний өгүүлэмтэй өвчтөн, мөн түүнчлэн бэлдмэлийн идэвхитэй найрлага буюу туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй. Небидог эмэгтэй хүнд хэрэглэхгүй
- Жирэмсэн ба хөхүүл үе: Жирэмсэн буюу хөхүүл эхэд хэрэглэхгүй
- Гаж нөлөө: Бусад бүх эмийн нэгэн адилаар Небидо ч бас гаж нөлөө үүсгэж болно. Эмнэл зүйн судалгааны явцад Небидогийн хэрэглээтэй хамааралтай дараах гаж нөлөө тэмдэглэгдсэн болно. Үүнд: Суулгалт, Хөл болон үе мөчөөр өвдөх (артральги), толгой эргэх, хөлрөх, толгой өвдөх, амьсгалын үйл ажиллагаа алдагдах, батгаших, хөхний булчирхай өвдөх буюу хөхний булчирхай хэт томрох (гинекомасти), арьс загатнах, төмсөг өвдөх, түрүү булчирхайн үйл ажиллагаа өөрчлөгдөх (түрүү булчирхайн дунд хэсэгт хатууралт үүссэн нэг тохиолдол бүртэгдсэн) Тарьсан хэсэгт өвдөх, тарьсан хэсгийн арьсан дор цус хуралт үүсэх зэрэг болно. Тестостерон агуулсан бэлдмэлүүд дараах гаж нөлөө үзүүлдэг болох нь хэвлэлээр мэдээлэгдсэн болно. Үүнд: Ховор тохиолдолд полицитеми үүсгэх (цусны дүрст элементүүд олшрох) Биеийн жин нэмэгдэх Булчингийн таталт үүсэх, мэдрэлийн ядаргаа үүсч уурламтгай болох эсвэл сэтгэл гутрал үүсэх, унтаж байх үед амьсгал аяндаа богино хугацаагаар зогсон тасалдах, ховор тохиолдолд арьс шарлах болон элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд өөрчлөгдөх, бэлгийн дуршил өөрчлөгдөн эрекцийн давтамж ихсэх, тестостероны өндөр тунгийн эмчилгээний үед төмсөгний хэмжээ багассаны улмаас үрийн шингэний үүсэлт багасгах буюу зогсох өөрчлөлт гарах бөгөөд эдгээр нь эргэх шинж чанартай байдаг болно
- Гипогонадизмын эмчилгээнд тестостероныг оруулан хэрэглэхэд ховор тохиолдолд байнгын эмзэгшилт эрекци (приапизм) үүсч болзошгүй. Тестостероныг удаан хугацаагаар эмчилгээнд хэрэглэх буюу хэт өндөр тунгаар хэрэглэвэл хааяа биед шингэн хуримтлагдаж болдог. Тарьсан хэсэгт урвал үүсэх буюу мөн түүнчлэн харшлын урвал үүсч болзошгүй. Хэрэв танд энэхүү зааварт дурьдаагүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл энэ тухайгаа эмч буюу эм зүйчид мэдэгдээрэй
- Тун хэтрэлт: Цусанд тестостероны концентраци хэт өндөрсөхөөс сэргийлэхийн тулд эмч тарианы тун хоорондын зайг тохируулах ёстой. Эмчилгээний явцад хэрэв тохиолдлоор тун хэтэрвэл эмчилгээг зогсоох буюу тунг багасгах хэрэгтэй. Бусад бэлдмэлүүд болон эмийн хэлбэрүүдтэй харилцан нөлөөлөл: Хэрэв та чихрийн шижингээр өвдсөн бол энэ тухай эмчдээ мэдэгдэх шаардлагатай, учир нь таны чихрийн шижингийн эсрэг эмийн хэрэглээнд тун зохицуулалт хийх шаардлага гарч болзошгүй (Небидо зэрэг андрогенууд нь инсулины цусны сахар бууруулах нөлөөг ихэсгэх боломжтой). Эпилипсийн эсрэг бэлдмэлүүд зэрэг ферментийн индукторуудтай харилцан нөлөөлсний улмаас тестостероны ялгаралт ихсэж болзошгүй. Андрогенууд нь бусад эмийн бэлдмэлүүдийн нэгэн адил бие махбодод хувирч түүнээс гадагшлах үйл ажиллагаанд нөлөөлж болно (жишээ нь, оксифенилбутазоны түвшинг ихэсгэдэг). Тестостероны болон түүний аналогууд нь цус бүлэгнэлт саатуулах ууж хэрэглэдэг бэлдмэлүүдийн (антикоагулянтууд) идэвхийг ихэсгэх чадвартай болох нь мэдээлэгдсэн бөгөөд шардлагаатай бол таны эмч тун зохицуулалт хийх болно. Хэрэв та түүнтэй төстэй ямар нэгэн бэлдмэл хэрэглэж байгаа буюу төрөлхийн болон олдмол цус бүлэгнэлтийн эмгэгшилтэй бол энэ тухайгаа эмчдээ мэдэгдэх шаардлагатай, учир нь эмч танд булчин тариа хийхийн өмнө энэ тухай мэдсэн байх шаардлагатай байдаг болно. Хэрэв та өөр ямар нэгэн эмийн бэлдмэл болон ургамлын гаралтай бэлдмэл хэрэглэж байгаа буюу саяхан хэрэглэсэн бол хэрэв энэ нь танд одоо байхгүй ч гэсэн эмчдээ зайлшгүй хэлэх шаардлагатай
- Анхааруулга: Ахимаг настай хүнд Небидо зэрэг андрогенийг хэрэглэсний улмаас түрүү булчирхай томрох өртөмж нэмэгдэж болзошгүй. Андрогенууд хорт хавдар үүсгэдэг тухай баттай нотолгоо байхгүй ч тэд түрүү булчирхайн нэгэнт үүссэн хавдрын өсөлтийг ихэсгэж болзошгүй. Тиймээс Небидо зэрэг тестостероны бэлдмэлийн эмчилгээ эхлэхийн өмнө түрүү булчирхайн хавдарыг үгүйсгэсэн байх шаардлагатай. Урьдчилан сэргийлэх зорилгоор эмч түрүү булчирхайг тогтмол шалгаж байх ёстой. Хэрэв та удаан хугацаагаар андроген эмчилгээ хийлгэж байгаа бол полицитеми (цусны дүрст элемент олшрох) тохиолдож болохыг илрүүлэхийн тулд эмч тань танд үечилсэн цусны шинжилгээ (гемоглобин буюу гематокрит) хийж байх ёстой. Тестостерон зэрэг бэлгийн гормоныг хэрэглэж байгаа үед ховор тохиолдолд элэгний хоргүй хавдар, мөн түүнчлэн хааяа хортой хавдар ч үүсч болзошгүй. Заримдаа тийм хавдраас хэвлийн хөндий руу цус алдаж амь насанд ч аюул учирч болох юм. Гэхдээ энэ нь бэлдмэлийн хэрэглээтэй шууд холбоотой эсэх нь бүрэн нотлогдоогүй. Гэхдээ энэхүү тохиолдол магадлал багатай байлаа ч гэсэн хэвлийгээр ердийн бус мэдрэмж үүссэн тохиолдол бүрийг хавдрын буюу цус алдалтын шинж хэмээн тооцож болохгүй. Гэхдээ л богино бус хугацаагаар илэрсэн өвдөлтийн тухай эмчдээ мэдэгдэх нь зүйтэй. Хэрэв та хавантай (жишээ нь, хөл хавагнах г.м.) байгаа бол энэ тухайгаа эмчдээ хэлээрэй. Хүүхэд болон 18-аас доош настай өсвөр насныханд небидогийн эмнэл зүйн судалгаа хийгдээгүй. Тестостероныг хүүхэд хэрэглэхэд маскулинизаци үүсэхийн зэрэгцээгээр ясны эдийн өсөлт хурдасч болох ба мөн түүнчлэн эпифизийн өсөлтийн зона хаагдаж мөчний өсөлт хоцорч болзошгүй. Мөн ердийн батгашилт илэрч болзошгүй. Унтах үедээ амьсгал тасалддаг шинж тэмдэгтэй бол тэр нь ихэсч болох юм. Дээхэн үед андрогенуудийг биеийн хүчний чадавхийг ихэсгэх зорилгоор хэрэглэдэг байсан ч ер нь түүнийг эрүүл хүний булчингийн хөгжлийг ихэсгэх зорилгоор хэрэглэж болохгүй. Небидо нь жолоо барих болон техниктэй ажиллах чадварт нөлөөлөхгүй