Эцэг эхчүүдийн түгээмэл асуудаг 9 асуултын хариу

1. Хүүхдээ хэр ойрхон хөхүүлэх вэ? Заавал цаг барих шаардлагатай юу?
Хүүхдийг хүссэн үед нь, өдөр шөнөгүй, хоногтоо 8-аас доошгүй удаа хөхүүлнэ. Хүүхэд цадаж хөхөхөө больтол нь хөхүүлнэ. Цаг барих шаардлагагүй.

2. Хүүхэд хөхөндөө цадаж буйг яаж мэдэх вэ?
Хүүхэд жингээ хэвийн нэмж (Ягаан дэвтэр дэх жингийн муруй), баас шээс нь элбэг байгаа бол цадаж байна гэсэн үг. Түүнчлэн хүүхэд хөхсний дараа чинэрсэн хөх сулрах, хүүхэд тайвширч сайн унтах, идэвхитэй цовоо байх зэрэг шинжүүд нь түүнийг цадаж буйг илтгэнэ.

3. Хүүхдээ өлгийдөж болох уу?
Болохоор барахгүй харин ч өлгийдөх нь хүүхдийг дулаан байлгаж эхийн хэвлийд буй мэт сэтгэгдэл төрүүлэн тайвшуулдаг бөгөөд цочиж сэрэхээс хамгаалж илүү удаан сайн унтуулдаг давуу талтай.Иймд зарим их уйлдаг хүүхдийг өлгийдөхөд тайвширдаг ч явдал бий. Хамгийн чухал нь хүүхдийн хөдөлгөөнийг боохгүйгээр сул/зөв өлгийдэх явдал юм.

4. Хүүхдээ хэдэн цаг гадаа гаргах вэ?
-11 хэмээс дулаан үед нярай, хөхүүл хүүхдийг гадаа гаргаж болно. Аль болох олон хүнгүй, цэвэр цэнгэг агаартай орчинд эхлээд хэдэн минут цаашид аажмаар гадаа гарах хугацааг нэмэгдүүлнэ. Харин +33 хэмээс халуунд гаргахгүй байх нь дээр. Хугацааны хувьд боломжоороо л гаргаарай. Өдөрт заавал тэдэн цаг, түүнээс илүү эсвэл бага байж болохгүй гэсэн дүрэм журам байдаггүй.

5. Хүүхдээ гадаа гаргахдаа чихийг нь бөглөх хэрэгтэй юу?
Ингэх шаардлага байхгүй. Хүүхдийг нэвт салхитайд гаргахгүй байсан нь дээр, эсвэл нөмөр газар байлгана. Чих рүү салхи шуурахад түр зуурын өвдөлт өгөх боловч чихний халдвар буюу үрэвсэл үүсгэхгүй. Малгай өмсгөх нь хангалттай. Хүүхдийг гадаа гаргах нь зөвхөн цэвэр агаар, хүчилтөрөгчөөр амьсгалуулж буй хэрэг биш хүүхэд янз бүрийн дуу авиа сонсож янз бүрийн өнгө, хэлбэр, хэмжээ, нүүр царай харж үнэр үнэртэж уураг тархи нь хөгжиж байдаг.

6. Хүүхдэдээ өгч буй Д витаминыг зуны улиралд түр зогсоох уу?

Дан хөхөөр хооллож буй хүүхдэд 4 – 6 сар хүртэл нь өвөл зунгүй Д витамин уулгана. 4 – 6 сартайгаас хойш Д витамин агуулсан олон найрлагатай витамин уулгаж эхэлнэ. Д витаминыг 3 нас хүртэл нь өдөр бүр уулгана.

дэлгэрэнгүй…

7. Хүүхдээ өдөр бүр усанд оруулах ёстой юу?

Нярай хүүхдийг өдөр бүр усанд оруулах шаардлага байдаггүй. Эхний 2 сар 7 хоногт 2-3 удаа усанд оруулахад хангалттай. Харин хүүхэд усанд орох дуртай, их уйлдаг хүүхэд усанд ороод сайн тайвширдаг, сайн унтдаг бол өдөр бүр усанд оруулж болно. Гэхдээ өдөр бүр усанд оруулах нь арьсыг хуурайшуулж тууралт гарах нөхцөл болдог.

8. Хүүхдийг байнга живхтэй байлгах нь муу юу?
Байнга живхтэй байлгах нь тууралт гарах нөхцөл болно. Цайрын исэл агуулсан тос түрхэж түүнээс хамгаалах хэрэгтэй. Живхнээс болж шодойн арьс наалдах болсон гэдэг нь ямар ч үндэслэлгүй цуу яриа юм. Хөвгүүдэд үргүйдэл үүсгэх эрсдэлтэй болох нь одоогоор хүүхдийн анагаах ухаанд нотлогдоогүй байна.

9. Хүүхэд уйлахаараа ээрэх нь аюултай шинж үү?

Хүүхэд уйлж байхдаа 2-20 секундын хугацаанд амьсгалаа түгжиж арьс нь хөх эрээн болох нь элбэг тохиолдоно. 30 хүртэл секунд ингэж амьсгалаа түгжих нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй. Энэ үзэгдэл ямар нэг эмчилгээгүй 18 сар гэхэд өөрөө аяндаа зүгээр болно. Үүнээс урт хугацаагаар түгжиж байвал аюултай шинж тул эмчид хандах шаардлагатай.

 

 

/Онлайн дэлгүүр, Онлайн худалдаа, Монгол дахь онлайн дэлгүүр/