Хүүхдээ яагаад заавал зориулалтын ширээ сандалд суулгах хэрэгтэй вэ?

Өөрөөсөө том цүнх үүрч, шинэхэн форм өмссөн, хөөрцөглөж баярласан, гайхаж уйлсан хүүхдүүдийн инээд хөөртэй 9 сарын 1 эхэллээ.  Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан хүүхдийн өсөлт хөгжилтөд чухал нөлөө үзүүлдэг хичээлийн ширээ сандлын талаар хүргэхээр бэлтгэлээ.

Хүүхдийн ширээ сандал өсөлтөнд нөлөөлдөг гэвэл та итгэх үү?

Өөрт тохироогүй ширээ, сандалд суухын муу нөлөө

Эцэг эх бүр хүнд цүнх үүрэх өсөлтөнд хэрхэн нөлөөлдгийг мэдэх ч өөрийн өндөрт тохироогүй ширээнд суух хичнээн муу болохыг тэр бүр мэддэггүй шүү дээ. Тэгвэл өөрт тохироогүй ширээнд сууснаар буруу сууж хэвшдэг. Үүний улмаас нурууны муруйлт үүсэх, биеийн галбир буруу хөгжих, нүдний хараа муудах, амархан ядрах зэрэг муу нөлөөтэй.

Ямар ширээ, сандал хэрэглэх хэрэгтэй вэ?

Ширээ, сандлын стандарт хэмжээг хүснэгтээр үзүүлбэл:

Хүүхдийн өндрийн ангилал /см/ Ширээний өндөр /см/ Сандлын суудлын өндөр /см/
100-115 46 26
115-130 50 30
130-145 58 34
145-160 64 38
160-175 70 42
>175 76 46

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Хүүхдэд ширээ, сандал сонгохдоо аль болох намсгах тохируулгатай ширээ, сандлыг сонгох хэрэгтэй. Ихэнх ширээ, сандал нь насанд хүрсэн хүмүүст зориулагдсан дээш болгох, өндөрсгөх тохиргоотой байдаг бөгөөд нурууны зөөлөвч нь хүүхдэд хэт өндөрдөх, мөн ширээ хэт өндөрдөх бэрхшээлүүд тулгарч хүүхдийн өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлдөг байна.
Ширээний өнцгийн налуу ойролцоогоор 15 градус орчимд байх нь унших бичихэд нэн тохиромжтой байдаг ба энэ үед тухайн хүний биеийн дээд хэсэг сандалын түшлэгтэй наалдаж цэх суудаг гэж мэргэжилтнүүд үздэг байна.