Пробиотик гэж юу вэ?

Пробиотик хүнс гэж сүүлийн үед маш их яригдаж дэмжигдэх болсон зүйл. Гэвч энэ яг ямар утгатай, ямар хүнсийг хэлээд байгааг хүмүүс тэр болгон мэддэггүй байж болох юм.

Пробиотик гэдэг нь хүний биен дэх ашигтай бактер бөгөөд тэдгээр нь дархлаа дэмжих, ходоод гэдэсний хэвийн бичил орчинг тэнцвэржүүлэн сайжруулах зэрэг хүний эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай юм.  Хүний бие хоол, хүнснээс шаардлагатай пробиотик, амин дэм, эрдэс бодисуудыг авч чадахгүй үед гадаад орчноос маш олон тооны нянгууд амны хөндийд үхэхгүй цааш дамжиж ходоод, гэдэсний үйл ажиллагааны тэнцвэрийг алдагдуулдаг юм.

Ходоод гэдэсний тэнцвэрт үйл ажиллагаа алдагдсанаар хоол боловсруулах эрхтний хямрал явагдаж хоолонд дургүй болох, дотоод хордлого, цочмог суулгалт, өтгөн хатах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Ходоод гэдэс нь хүний биеийн хамгийн чухал хэсгүүд бөгөөд үүссэн хямралаас шалтгаалан бусад нийтлэг өвчлөлүүд үүсэх шалтгаан болдог. Тиймээс биеэ өвдсөний дараах эмчилгээнээс илүү гэр бүлээрээ аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж пробиотик агуулсан хүнсний, нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг эмч нар зөвлөж байна.

Сүүн хүчлийн болон бусад пробиотик бактериуд нь хүчиллэг орчин  үүсгэх замаар хортой нэгдэл, бодис, өвчин үүсгэгч бичил биетний үржил, өсөлтийг дарангуйлж гэдэсний микрофлорын тэнцвэрийг хангадаг. Бие махбодын эрүүл мэндийг дэмждэг, бичил биетнийг пробиотик гэнэ. Ашигтай микрофлорыг дэмждэг бичил биетнийг пребиотик гэдэг. Бифидобактер нь түгээмэл хэрэглэгддэг пробиотикийн нэг.

Бифидобактер агуулсан бүтээгдэхүүнд исэг идээ, ундаа, аарц, бяслаг, цөцгийн тос, зөөхий, хүүхдийн зориулалттай хатаасан сүүн бүтээгдэхүүнүүд ордог.

БИФИДОБАКТЕР ХҮНИЙ БИЕД ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

  • Дархлалыг сайжруулж, нянгийн гаралтай өвчнүүдийг эсэргүүцэх чадварыг дээшлүүлнэ.
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна, харшлын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
  • Хүний биед үл орлох шимт бодис, аминдэм (B1, B2 ,B6 ,K) амин хүчил (валин, триптофан) нийлэгжүүлнэ.
  • Хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг нитрозамин, аммонны, инзол,фенол гэх мэт бодисын үйлчлэлийг саармагжуулна.
  • Органик хүчил, бактериосин (bifidin) ялгаруулж улмаар өвчин үүсгэгч бактерийн ( E.coli, Shigella, Candida) үржлийг дарангуйлна.
  • Дисбактериозоос урьдчилан сэргийлнэ.