
ЖИНХЭНЭ ЗӨГИЙН БАЛЫГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ
Хайлуулсан элсэн чихрийг зөгийн баланд хольж арвилахаас авахуулаад янз бүрийн аргаар зөгийн балыг дууриалган хийх асуудал байдаг. Заримдаа зөгийгөө сахарын сиропоор хооллож байгаад их бал авдаг гэнэ. Ялангуяа, цэцэг жимс багатай гантай зун ихэнх нь л ийм юм хийдэг. Ингэж гаргаж авсан бал гаднаас нь харахад чанартай балнаас ялгарахгүй, харин амт болон ашигтай чанар нь – хов хоосон. Ийм хиймэл балыг жинхэнэ баланд хольж зарах үзэгдэл их байдаг.
Жинхэнэ балыг амандаа байлгаад залгихад хоолой дээр хорсох маягийн мэдрэмж төрдөг. Халбагаар аваад гоожуулахад сүүлийн дусал нь халбаганаас урсахгүй, пүрш маягийн хөдөлгөөн хийгээд буцаад халбагандаа тогтдог. Халбаганаас гоожуулангаа халбагаа хурдан эргүүлэхэд ороогдоод ирдэг. Хуруугаараа имрэхэд арьсанд бүрэн шингэнэ, бөөрөнхийлөгдөж үлдэх юм байдаггүй.
Зуны дөнгөж хураасан балыг дээрх аргуудаар таних хэрэгтэй. Харин 11 дүгээр сараас хойш жинхэнэ балыг танихад амархан болоод ирдэг. Зөгийн бал байгалийнхаа хуулиар 11 дүгээр сар гэхэд өтгөрч талстажсан байх ёстой. Хэрэв өдийд шингэн зөгийн балыг “ориг” гэж танд үнэмшүүлэх гэж байгаа бол битгий итгээрэй. Зарим хүмүүс өтгөрсөн балыг хараад хуурамч гэж боддог. Ингэж боддог хүн маш олон байдаг болохоор худалдаалагчид жинхэнэ балыг кристаллжихаар нь халааж шингэн байдалд нь оруулсан байж ч болох л доо. Халаасан бал хэзээ ч буцаж талстат болдоггүй.
Гэхдээ ингэж халаасан баланд эмчилгээний увидастай бодис байхгүй болсон байдаг. Зөгийн балны гайхамшигт увидасыг бүрдүүлж байдаг биологийн идэвхит бодиснууд 40 градусаас өндөр температурыг тэсч чаддаггүй, үхэх нь үхээд, задрах нь задраад алга болдог болохоор халааж шингэлсэн бал амтнаас цаашгүй болдог. Тийм болохоор бал хураадаг сезон өнгөрөөд 3 сар болсон тохиолдолд өтгөрсөн бал авбал алдахгүй. Харин авсан хойноо, шингэн баланд дуртай бол та өөрөө, балныхаа ашигтай шинж чанарыг нь алдагдуулахгүйгээр шингэлж болно. Үүний тулд шилтэй балаа 40 градусын усанд тавих хэрэгтэй. Олон цаг болж байж хайлна. Байн байн хөрсөн усыг асгаж, шинэ ус хийнэ.
Элэг цөс ходоодны өвчинд түлхүү хэрэглэхийг хүсвэл цайвар өнгийн бал байвал зүгээр.Харин рапс цэцэгний бал тархины цусан хангамж сайжруулж ой тогтоолтыг дэмжинэ.Гурвалжин будааны бал нь зүрх судас,цус багадалттай хүмүүст тохиромжтой байдаг ба хамгийн их тэжээллэг байдаг.
Ихэнхдээ зөгийн балтай ус уухдаа хав халуун усанд хутгаж, хамаг чухал бодисыг нь “алаад” байдаг. Ердөө л 40 градус усанд найруулахад тохиромжтой