
Дархлаа дэмждэг жимс жимсгэнүүд
Хүмүүс бид өвчний туссаных нь дараа биш тусахаасаа өмнө сэргийлж байх нь эрүүл мэндэд ч тэр эдийн засагт ч тэр хэмнэлттэй байх нь ач тустай ба ингэхдээ хэрэглэж буй хоол хүнсээрээ дамжуулан дархлаагаа сайжруулах нь хамгийн зөв аргуудын нэг юм. Тэгвэл одоо та бүхэндээ доорх зөвлөгөөнөөс ямар жимс жимсгэнээр хэрхэн дархлаагаа сэргээх, дэмжих вэ гэдэг талаар зөвлөе.
- Нохойн хошуу
Уламжлалт анагаах ухаанд нохойн хошууг “Сэгод” хэмээн нэрлэх ба Сэгод нь аминдэм С, В, К-аар баялаг байдаг. Ерөнхийдөө 30 – 40 гр нохойн хошуу нь насанд хүрсэн хүний хоногт шаардах аминдэм С-ийн хэрэгцээг бүрэн хангадаг ба шүүс хандаж бэлтгэх хэрэглэх нь хамгийн үр дүнтэй.
Хандыг бэлтгэхдээ 1 аяга усанд хоолны халбагаар нохойн хошуу хийж 10-15 минут буцалгаж 24 цаг таглаж тавина. Хандалсан нохойн хошуугаа шүүгээд мэдрэлийн ядаргаа, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэгт хэрэглэж болно. Мэдээж дархлаанд маш сайн нөлөөтэй байх болно.
- Чацаргана
Чацаргана жимс нь исгэлэн амттай, шим тэжээл сайтай ба чацарганад тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг 1.5%, тос 4-6%, С, А, Е, В-ийн төрлүүд, РР аминдэмүүд, биоидэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагддагаараа бусад бүхий л жимс ногооноос онцлог давуу талтай. Энэ утгаар нь чацарганыг цорын ганц “байгалийн поливитаминт” жимс гэж нэрлэгддэг бөгөөд та өдөр тутмын хэрэглээндээ чацаргана жимсний шүүс, тос зэргийг хэрэглэх боломжтой.
- Үхрийн нүд
Үхрийн нүд жимсэнд 200 мг хувь хүртэл С, Р, В1, В2 витаминууд, антоцианы нэгдэл 5-9%, каротин, кемперол, кверцетин, изорамнетинээс тогтсон флавонойд 100 мг, идээлгийн бодис цианидин, катехин, пектинт бодис, будагч бодис, алим, нимбэг, дарс, хувын хүчлээс тогтсон органик хүчил, кальци, магни, төмөр, манган, цайр, селен зэрэг эрдэс бодисууд ихээр агуулагддаг.
Эмнэлзүйн практикт энэхүү жимсийг чийг бам ба аминдэм дутагдсанаас үүссэн бусад өвчин, бие ядарч сульдах, турах, судас хатуурах, цусны даралт ихсэх, цус багасах, ходоод, 12 хуруу гэдэсний шарх, ходоодны шүүрэл багасах зэрэгт онц тустай. Голдуу ходоодны хүчил багассан, шархлаа үүссэн, судас хатуурсан, бөөрний архаг үрэвсэл зэрэгт өдөрт 3 удаа 100 гр үхрийн нүдний шүүсийг уулгадаг. Артерийн даралт ихсэх, элэг цөсний архаг үрэвсэлд мөн шүүсийг эсвэл устай хамт хэрэглэдэг байна.
- Долоогоно
Долоогоно жимсэнд урсолын, олеанын хүчил агуулагддаг ба энэхүү нэгдэл нь зүрх, тархины судсан дахь цусны эргэлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ артерийн даралтыг бууруулдаг онцгой ач тустай. Мөн долоогоны жимсний бэлдмэл нь цусан дахь холестерины хэмжээг бууруулах, тайвшруулах үйлдэлтэй ба үүнээс гадна эмэгтэйчүүдийн биенд маш сайн үр нөлөөтэй юм байна.
- Аньс
Аньс нь 5 – 6 саруудад цэцэглэж, үр жимс нь 9 – 10 сард боловсорч гүйцдэг жимс ба органик хүчил ихтэй, сахараар баялаг, эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс юм. Хаврын эхэн сард, цасанд дарагдсан аньсны навчийг эмчилгээнд өргөн ашигладаг. Мэдээж та бид бүгд мэднэ шүү дээ аньс жимсний ханд, шүүсийг уламжлалт эмчилгээнд өргөнөөр ашигладаг ба ханиад, томуу, хүйтний улиралд хэрэглэхэд маш сайн билээ.
- Цитрусын төрлийн жимс /Амтат жүрж, бэрсүүт жүрж, мандарин, нимбэг жимс /
Цитрусын төрлийн жимс жисмгэнүүд нь C амин дэмийн маш сайн эх үүсвэр болж өгдөг бөгөөд усанд уусдаг болон уусдаггүй эслэг, кали, кальци, фосфор, магни, зэс, В1, В2, В3, В6 аминдэм, фолийн хүчил, пантотены хүчил болон олон төрлийн биологийн идэвхит бодисууд агуулдаг тул олон төрлийн өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг. Мөн энэ төрлийн жимс нь өөх тос, холестерин, натри агуулдаггүйгээрээ маш онцлог. C амин дэм бол яах аргагүй дархлааг дэмжих хамгийн том эх үүсвэр бөгөөд цусны цагаан эсийн үүсэлтийг нэмэгдүүлдэг онцлогтой.